ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал #Амгалан #Базархандаевын Хөвсгөл аймагт хийж буй албан томилолт үргэлжилсээр байна.
Энэ жил 95 жилийнхээ түүхт ойтой золгож буй ОХУ-ын #Россотрудничество агентлаг нь хэдхэн хоногийн дараа Орос-Монголын найрамдлын өдрүүдийг 60 дахь удаагаа нээн тэмдэглэх юм.
Уг ойг тохиолдуулан дөнгөж сая Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэвэгдоржийн Баярсайхан захиралтай гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай
"Ирээдүй-21-р зуун" дунд сургууль дээр #ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн салбарыг ёслол төгөлдөр нээж Оросын соёл урлагийн баярыг зохион байгууллаа.
Мөрөн хотын Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль дээр нээгдэж буй Орос хэлний төв нь үзэсгэлэнт Хөвсгөл далайн эрэг дээр амьдарч буй зон олны дунд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан соёлын хөтөлбөрүүд болон төслүүдийг бүс нутгийн хүүхэд, залуучуудад хүртээлтэй байлгах зорилготой юм.
Түүнчлэн, ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр ЕБС сурагчид төдийгүй төрийн албан хаагчдыг магистр, аспирантур, ординатурт ОХУ-д суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ төвшинд гаргаж ирэхэд ихээхэн ач холбогдолтой болно.
Ийнхүү,#ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн 28 дахь салбарын нээлт, мөн Оросын соёлын өдрийн арга хэмжээнд Монгол талаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга Хорчингийн Ган-Очир, Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Нарантуяа, Гадаад харилцааны мэргэжилтэн Э.Ундармаа, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Ганзориг, тус газрын гадаад хэлний мэргэжилтэн А.Гэрэлтуяа, ЗДТГ-ын албан хаагчид, Ирээдүй-21-р зуун цогцолбор сургуулийн захирал АБТА Ц.Баярсайхан тэргүүтэй сургуулийн багшлах нийт бүрэлдэхүүн, суралцагчид болон нутгийн иргэд оролцов.
Харин Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэд захирал Будаева Т.Ч., Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд Ерөнхийлөгч, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай болон Хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар хүндэтгэл үзүүлэн оролцохоор тус аймагт томилогдсон байгаа юм.
Ташрамд дурдахад, "Ирээдүй-21-р зуун" дунд сургуулийн дэргэд байгуулагдаж буй Орос хэлний төвийн нээлтээр ОХУ-ын #Россотрудничество агентлагаас эхний удаа дэмжлэг болгож бүгд 1869 ам.доллар үнэ бүхий сургалт, заах аргазүйн сурах бичиг, орос хэлний орчин үеийн хэвлэмэл болон аудио, видео гарын авлага, сонгодог утга зохиолын шилдэг бүтээлүүдийн дээжсээс гардуулан Хөвсгөл нутгийн ард иргэдийн хүртээл болголоо.