РОССОТРУДНИЧЕСТВО АГЕНТЛАГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БУЛГАН АЙМГИЙН УДИРДЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭ ЯРИЛЦЛАА

Compressed file

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал #Амгалан Ринчинович #Базархандаев өнөөдрөөс Монгол орны Баруун бүст хийх томилолтуудаа эхлүүллээ.

Өглөө нийслэлээс гарсан #ОШУСТ-ийн төлөөлөгчдийг дөнгөж сая Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Маанийн Оюунбат хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-ын Россотрудничество агентлаг, ОШУСТ нь Булган аймгийн удирдлагатай ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх боломжтой боловсрол, соёлын төслүүдийн талаар санал солилцож тодорхой ажлуудыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, ирэх онд Булган аймагт орос хэлний Улсын бүсчилсэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд эхний 5-6 байр эзэлсэн ахлах ангийн сурагчдад ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрх гардуулах юм.

Түүнчлэн, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбатын санаачилгаар ИТХ-ын нэрэмжит Орос хэлний төвийг 16 сумтай Булган аймагт нээн ажиллуулах, Монголоос ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбооны салбар зөвлөлийг байгуулах тал дээр аймгийн удирдлагын зүгээс онцгой анхаарал хандуулахыг цохон тэмдэглэлээ. Түүнээс гадна, Тэшиг суманд үйл ажиллагаагаа сэргээх Хилийн шалган нэвтрүүлэх боомтыг даган эрчимтэй хөгжих дэд бүтцийн салбарын боловсон хүчин, нарийн мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэн суралцахад #Россотрудничество өөрийн зүгээс туслалцаа үзүүлэн дэмжин ажиллахаар санаа бодлоо солилцлоо.

Уг уулзалтад, Монгол талыг төлөөлөн Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Даваасүрэнгийн Батчулуун, ЗДТГ-ын дарга О.Наранжаргал, харин Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэд захирал Будаева Т.Ч., Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим, #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай, Хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар оролцов.

Оросын талын бүрэлдэхүүн ийнхүү Хөвсгөл аймгийн зүг хүлгийн жолоо заллаа.